Monday 31 March 2008

Хол холын цэнхэр хавар сэтгэлд хэнзэрч

Зүрхэнд чинь ургах
Наран биш гэлээч
Зүүдэнд чинь учрах
Хайр биш гэлээч
Зүгээр л
Намрын унасан навчис дор нуугдсан
Зүүдний тайлал шиг дурсамж байя
Чи надад үүнийг зөвшөөрөөч


_________*******

Хол холын цэнхэр хавар сэтгэлд хэнзэрч
Харгуй дардан дурсамж хийлийн эгшиг мэт хөвөрнө


_________*******

Хайрлуулъя гэж чамайг зовоохгүй
Хайрлаасай гэж өөрийгөө гуниахгүй
Биеийн хүсэл бодлыг давж үерлэхүй
Би чамайг эрэг мэт үгүйлдэгээ хааяахан


_________*******

Галбирт өвсний наалинхай бүжгэнд
Гал зурсан нүд унан талимаарч
Согтуурах орчлонтой анилан чих сүжирч ахуйд
Тургилах морь мансуурлыг хулжаана

_________*******

Ус үнэртсэн зуны үүрээр тал дунд би ганцаараа
Чөдөртэй адуу шиг ...

_________*******

Зүүдэнд ирж үнсчихээд
Зүг үгүй тийш чи явчихдаг
Зурж байсан зурагтай минь
Чиний дүр хачин адилхан

Чиний мөрний үлдээсэн хээнд
Тунасан усаар би нүүрээн угаагаад
Наранд үнсүүлдэг

Ахмадхан нэгнийг би бодож явлаа

Ахмадхан нэгнийг би бодож явлаа
Ахиад харахыг хүсч явлаа
Инээсэн дүрийг нь зураглаж явлаа
Энхэндээ л гэхэд хайрлаж явлаа
Харуулаад нуучихсан хорвоог ялтай
Хараад мартаагүй зүрхээ яалтай
Ярихаараа улайдаг хацраа яалтай
Ядахдаа та гэж дуудчихсанаа ч яалтай


(өө бас л нэлээд дээр бичсэн )

Би чамтай зүүдэндээ л учирна

Би чамтай зүүдэндээ л учирна
Баяр цэнгэлийг тэр л үед амсаж
Хүсээд олдохгүй заяаг
Хүчээр авч болдоггүй
Хүний орчлонгийн жамыг
Миний ертөнц зөрчихгүй
Болдогсон бол би насаараа унтмаар
Бодол сэтгэлээ үргэлж цэнгүүлмээр
Дуугүй ширтэх чамтай харц мөргөлдүүлмээр
Дураараа тоглож хүслээрээ жаргаж
Ерөөсөө л би зүүдэндээ амьдармаараа


(дөрөв ч юм уу таван жилийн өмнө юм уу бичсэн ............ )

Saturday 29 March 2008

Инээд нулимс шахцалдана

Олсон хайрын нөгөө үзүүрт
Хэн нэгэн байхгүй
Удтал хүлээсэн учрал
Амьсгалын хоромд хулжсан шиг
Зөөлөн шаргал салхинаас
Нэг л өнгө сонсогдож
Зэрэглээ ч үгүй хоосонд
Инээд нулимс шахцалдана


___________*******

Хөмсөгний атираан дундаас
Хөх мөрүүд хөвөрнө
Хөөрхөн бүсгүй болох тухай биш
Хэрхэн үхэх тухайгаа л ...


___________*******

Сэтгэлд нь гэрэл үгүй хүмүүн дээр
Нар яагаад тусдаг юм
Сиймгэр цэнхэр амьдралд
Би яах л гэж ирсийм бэ


___________*******

Хайртай шүү чамдаан гэсэн
Надад зориулсан үгсийн торонд
Ганцаардаж суухдаа ухаарсан нь
Хоосон байсныг л мэдсээн
Сонор чимээд л алдрах
Хэлэхийн төдий үгсэд чинь
Солиотой залуу нас минь
Солир шиг харваад одсоон
Согтуу юм шиг гуньж
Санаа алдаж суухдаа
Солгой бодол бүүвэйлж
Сэтгэлээ мэрж тэвчихдээ
Нулимс минь чамд үнэгүй
Надад гамгүйг л ойлгох шиг ээ

Нэг өглөө сэрээд л би


Нэг өглөө сэрээд л би
Бүхний учрыг таньчихсан
Нэг их ухаантай гуниг татсан харцтай
Надад үзээгүй амт орчлонд үгүй мэт
Намуухан ойн гүнд бөвтнөх шар шувуу шиг гөлийгөөд
Орон дээрээ хөнжлөө нөмрөөд
Олон олон бодлын олсонд орооцолдон суудаг
Дараа өглөө дөнгөж эхэлтэл
Далавч живэр хаа сайгүй ургаж
Нарны туяагаар гунигаан угааж
Оготор банзлаа өмсөөд
Орцонд болзмоор санагдаж
Дурлаад хаягдмаар
Хашгачмаар, дуугүйхэн уйлмаар
Шүлгийн дэвтрээ шатааж орхиод
Шөнө элчинд нь дулаацмаар болдог
Өглөө бүр би үхмээр л болдог дандаа
Гэвч тэвчилгүй
Үдэш бүр харин өглөөг үзмээр санагддаг дандаа

Муулавч сөрөвч тэр замаар

Ассан хайрын гал
Санагалзал өрдөөд үсчинэ
Ай халаг гэж
Яасны минь шийтгэл вэ?
Алдар гавьяа үгүй орчлонд
Шагнуулах байхгүй юм чинь
Амны бяцхан шорондоо
Шийтгүүлсэн нь зол ч юм уу?


__________*******

Муулавч сөрөвч тэр замаар
Мушгирч бартаалавч, гэрэлтэх
Тэр л жимээр
Амьддаа алдаргүй найрагчидийн
Амьд цуваа гунигтай
Ихэмсгээр хөвөрнө


__________*******

Уулнаас үүлс ургах шиг
Манан буугаад
Усан чийгэнд дэвтэж
Чулуу ч уйлах шиг санагдаад
Дуулсан ч гэгэлзэж сэтгэл нороод
Дурлал хайрын орчлонд
Томоожих минь хэзээ бол оо


__________*******

Чивчиртэл татсан хялгасыг
Чинэрсэн хөвчөөр хөрөөдөж
Зовлонт сонгодог аялгууг үүсгэн
Сэтгэлийн нугыг ганхуулна
Юугаа ч өрөвдсөн юм
Нулимс минь ундарч
Ахиад л сонсмоор
Ахиад л уйлмаар
Тэр аялгуунд


__________*******

Нарны зүгээс цас бударч
Сэтгэлд хайлаад л
Намайг орхиод одсон мөчийг
Норгож урсаад л

Инээсэн эгшингүүд тэртээд эрмэлцэж

Инээсэн эгшингүүд тэртээд ирмэлцэж
Од болсон үдшээр
Энгэрийн чинь илчийг үгүйлэн
Салхин суудалд тухгүйлэхэд
Нимгэн цамцны сиймгэр утасууд
Жавартай нөгчин биеийг үл хайрлахад л
Би хагацлын тухай
Шинэхэн зураг тархиндаа
Бодлын бийрээр урлана

Яг л тийм урууланд

Яв ягаахан дэлбээнээ
Шүүдэрлэх шиг
Яг л тийм урууланд
Нулимс тогтоод
Хэзээ ч гэх хатуу үгийг
Ааруул мэт хэмлэхэд
Хэтэрсэн тэвчээрийн салхин
Шоолсоор гандуу өвсний
Шар үнэрээ өвөл рүү эсвэл буцаад зун руу авч одно
Өвөл болох ...
Зун болох ...

Sunday 23 March 2008

Хорвоо чи

Хорвоо чи хоёр нүдээ
Хоромхон зуур аньж байгаач
Хонгор хайртай хүүдээн очоод
Хоноглоод иртэл минь бүү нээгээч

________*******

Үе үехэн уйлахад
Үйзэн нулимс мэлтрэхэд
Алганд чинь шингээж арччихаад
Инээмээр болдгийг мэдэх үү ?

Намуухан хаврын бор өдөр

Дэлгэж зүрхлэхгүй гашуун бодлоосоо
Далдиран зугтаж
Дээврийн дусалд гэрэлтэх нарыг ажин
Ээн хэвтэвч
Дотроо дагжиж ахуй
Намуухан хаврын бор өдөр
Харцанд минь царцах нь ээ


-------------*******

Уйлахын төдий урсчихдаг
Гэнэн гунигтайсан болоосой
Уудлахын төдий уужирчихдаг
Амархан сэтгэлтэйсэн болоосой
Санахын уртаас сарничихдаг
Эмзэг хайртайсан болоосой
Хүсэхийн төдий ирчихдэг
Үхэхийн тэвчээртэйсэн болоосой


-------------*******

Өвдөхгүйг чинь мэддэг тусмаа
Өөр дотроо улам их өвдөх юмаа
Дутсан жаргалын хагархай илтэс шиг
Гурвалжин улаан зүрхэн
Дөрвөлжин цагаан цээжнээ
Дүүжлэгдэн оршдог чиний өмнө
Цохилох л гэж тэр байдаг


-------------*******

Өөрийн алдсан зарим үгсийн араас
Гэмшил нисгэж суух минь заримдаа
Зүв зүгээр байснаас зугаатай ч юм шиг санагданаа

Амсаж үзмээр санагдана

Үсэн дээр нулимс минь
Зовлонгийн жимс шиг
Гялтганана
Амсаж үзмээр санагдана
Адгуу хүслийн шүүрхий амт
Тэнд гэрэлтэнэ


*******

Бохь зажилж байна
Бодлоо зажилж байна
Бороог хүлээж байна
Бороо орохгүй л байна


*******

Чам шиг амраг ахиад үгүй
Ирэв ч би учрахгүй
Ганц л удаа дэлгэрдэг
Цэцэгхэн байв би.
Ганцхан цэцэглүүлсэн хавар нь
Ирээд буцсан та байв.

Сэтгэлээсээ гадуур алхаж явахад

Сэтгэлээсээ гадуур алхаж явахад
Агаар болчихсон шиг санагддаг
Сэрэмгүй зүүдэн дундаа
Хөдөлгөөн болчихсон төсөөлөгддөг
Хүн сэтгэлээ нөмрөөд суухад л
Бороотой өдөр ноорхой гэрт
Нөмгөн суух шиг болдог ч
Больё гэх бодол
Хэзээ ч билээ төрөөгүйсэн

Ус мэт үгүйлэгдэн

Ус мэт үгүйлэгдэн
Цангаахаа
Чи муухан мэддэг
Уг нь хуурайшиж
Санаж хүлээхээ
Би сайн чаддаг
Учрах хором
Зэрэглээ шиг хуурахаа
Хэнээр ч хэлүүлэлтгүй хийдэг
Уг нь хорвоод бидэн
Уулзах гэж л ирсэн гэж
Би зүүдэлсэн санагдана

Хэн ч биш байхад

Халтирч алдрам
Барьцгүй амьдралын
Халирч алдрах
Учирлын үзүүр
Гарын хуруунд
Алганы хээнд
Баригдан тавигдах нь
Гарчиггүй мөрс шиг
Утгатай үгүйтэй
Тэнцэж хичээж алхахад
Сэтгэлийн бяр тамирдаж
Тэнжээлэх оноо, алдаа
Алхах бүрд хүндэрч
Салхины үзүүр атгаад
Дууны цуурай шиг замхрахад
Санахуйд үлдээд
Гунигтай сэрэх
Зүүдний төгсгөл шиг
Зөөлний хатуу
Буруугийн зөвөө
Шил шиг хүмүүсийн
Толь шиг нүдэнд
Туссан тусгал минь
Хэн ч биш байхад
Сэтгэл минь баясаж инээгээд
Тэнэглэл минь дуусахгүй
Гарчиггүй мөрс шиг
Утгатай үгүйтэй

Чи надруу харах шиг

Чи надруу харах шиг
Бороо ороосой, тэгээд дараа нь
Чиглэсэн нүднээс чинь хайр төөнөх шиг
Нар үзэгдээсэй, тэгээд дараа нь
Тэврээд авах шиг
Төөрмөөр манан буугаасай
Түүний дараа энэ бүхнийг
Би битгий мартаасай

Өнгө минь улам тодроод

Ирэх өдөр бүрийн
Амт нь улам гашлаад
Эгэлхэн бор амьдрал
Нүдний өмнө сульдаад
Үүрэглэх тэргэл шөнөдөө
Өнгө минь улам тодроод
Өрөөн дотор дүүрэн
Үнэрт аялгуу амтагдаад
Амьсгал бүртээ би
Булингараа тунаруулж цэлмэгшээд
Шөнө бидэн хоёр
Хурьцан уусаж янаглаад
Ганцаардсан сэтгэлийн хөвчрөл
Дур тайлж нялхамсаад
Орхин одох амраг шөнө бүрийг
Онгон шүлгүүдээр ундалж үднэ
Ахиад хэзээч уулзахгүй
Өнгөт шөнүүдээ үдэн ядаж
Үүрийн гэгээг нулимстай тэвэрч үлднэ би

Хэтэрхий их хайрыг чинь даах хүн үгүй

Хэтэрхий их хайрыг чинь даах хүн үгүй
Хэрэггүй өгч хэрэггүй, тэдний хүн нуруу нь хугарна
Дэндүү их итгэлийг чинь даах хүн үгүй
Хэрэггүй өгч хэрэггүй, дээлийн эмжээр шиг зан нь сэмэрчихнэ
Энэлсэн их сэтгэлийг чинь мэдрэх хүн үгүй
Хэрэггүй дэлгэж хэрэггүй, хүмүүний хүрэлцэхүй нь алдарна
Хүнд юугаа ч өгч хэрэггүй
Тэд дэндүү хэврэгхэн энгийн
Ганцхан өрөвдөх л хэрэгтэй тэднийг
Нулимсаараа хаяа услах л хэрэгтэй
Тэдэн утгагүй инээмсэглэл
Утгагүй үзэн ядалт нь л тохирно

Ухаантай нүд хаа нэг

Нөхцөлдөн үүссэн минь
Ямархан цэцгийн үр бол
Наранд илбүүлж ургахдаа
Хэрхэн өнгө олох бол
Юуны тулд гэвч
Цэцэгс ургадаг юм бол
Юуны тулд цэцэгс эвцэж
Үр үлдээдэг юм бол

Ухаантай нүд хаа нэг
Гунигтай хэсүүчлэх цагаар
Улирал, цагийн аяс салхинаас
Цөвийн амьсгал үнэртэж
Аалийн уяхан, зангийн зөөлөн
Шавхайд туссан сарны ард
Үзэгдэхгүй нуугдахад
Сайхан царайд энгэсэг үзэгдэхээс
Инээмсэглэл үзэгдэхгүйд
Үзэгдэл, ахуй бүхний
Сүүдэрт нуруу л сүүтгэнэж
Үнэндээ хүний орчлонд
Үл мэдэг эрт ирээд явахгүй гэх
Үүл шиг бодол толгойд нүүхэд
Үгүйдээ ялгаагүй гэх салхи
Үүлсийн бодлыг хөөгөөд одохдоо
Хүмүүн гэгч инээдэг ч
Мах зулгаах ясан шүдтэй
Хүмүүн гэх хайрладаг ч
Өс өвөрлөх өчүүхэн дотортой
Өдөр шиг бас шөнө шиг гэж
Үгэлсээр одлоо
Үнэн л бололтой
Өөрийнхөө тухай бодож үзтэл минь

Инээд, нулимсний амтанд цадаагүйдээ л би

Хууртаж ханадаггүйдээ л би өдийг хүртэл
Худлааг нь мэдсээр итгэдэгтээ л одоог болтол
Инээд, нулимсний амтанд цадаагүйдээ л би
Эгшиг үг уусан дуу болох шиг
Эрвэгэр сэрвэгэр амьдрах юм
Дуу болох шигээ

Үг үгийнхээ чанадад

Үг үгийнхээ чанадад
Үнэн байх гэж хүснэ
Үйлийн үйлийн салхинд
Мод шиг байх гэж хүснэ
Хайрласан зэмлэсэн харцанд чинь
Аргамжаатай байх гэж хүснэ
Хагацал гашууныг мэддэг ч
Хамаагүй ээ ...
Учрал амтлахыг хүснэ

Бороотой харцанд чинь

Бороотой харцанд чинь
Шүхэргүй нэвт норж
Галтай үгэнд чинь
Бардамнал минь шатаж
Хавартай амьсгаанд тань
Цээжний цэцэгс нүдэлж
Хаа холын сургаар чинь
Өвдсөн сэтгэл эдгэж
Хавар болж байна уу?
Бороо орж байна уу?
Цэцэг ургаж байна уу?
Хаа нэгтэйгээсээ би шатаж байна уу?
Хаахна байна сэтгэл минь
Надад байна уу? Танд байна уу?

Wednesday 19 March 2008

Ухаантай байх гэж

Утгагүйн хажууд

Ухаантай байх гэж

Тэнэглэж зовоход

Уйтай амьдралд

Хүн шиг амьдрах гэж

Гуниж явахад

Няслаж шоглодог

Ухаарч тайвширдаг

Амьдралыг тоглоомонд

Алдаж үсрэхэд

Аль ч байсан адилхан шүү дээ гэх

Ганцхан бодлоор өөрийгөө зогооход

Хоолойд зангирсан нулимсанд

Хөнгөн уйгаа дайхад

Яах гэж амьд яваагийнхаа

Утгыг хайх

Богинохон чөлөө

Надад олдоно

Сонгодог гуниг

Сонгодог үдэш
Сонгодог гунигаа
Цэвэрхэн нөмрөөд
Даруухан бүсгүй шиг
Тэрүүхэн буланд
Тухгүйлэн дааравч
Чичирч зүрхлэлгүй
Ханхүүгийн өдөн нөмрийг
Үнэнчээр хүлээх гэж
Өөрийгөө алдчихсандаа
Гэмшил гэж боддоггүйгээ
Нуулгүй
Хумсаа мэрж
Сонгодог цагийн доор
Тойрох зүү шиг цэмцгэр
Нарийхан амьсгалуудаар
Чавхдас татаад
Ятган хөгөөр дуурсана ...

Цэнхэр шөнийн намуухан нугад

Цэнхэр шөнийн намуухан нугад
Цэцэгсийн дуулах чимээн дунд
Цохын гэрэлд өвсөн шүүдрээр
Чинийхээ цээжнээ хайрын шүлэг бичиж
Зул мэт сүүмэлзэнэ гэж би
Дандаа л мөрөөддөг шүү амраг минь

Тоос дарсан навчсийг

Тоос дарсан навчсыг

Алтан өнгөөр будаж дөнгөдөг

Гэрэлт гуниг үгүйсэн бол

Намрын шид хаанаа л билээ

Тоглоом даагаагүй насний

Тогтоо нь үгүй хайрыг

Торгоож дөнгөдөг

Гэрэлт онгод үгүйсэн бол

Шүлгийн шид юундаа л билээ

Үсчин шиг хүрээд ирдэг

Нэг зүйлийг
Хүлээнэ бас хүлээгүй гээд
Нэг дор шийдчихдэг
Хүсэл минь тэвчээр минь
Цуг алхаад, сугадаад ярилцаад
Иргэн ebajina-г хэрхэх тухайгаа
Инээлдсээр зөвлөлдсөөр
Үсчин шиг хүрээд ирдэг
Толгойгоо би тэдэнд харамгүй өгөөд
Тэд түүгээр
Тэвч эсвэл хүс гэдэг
Тэнэг тоглоом
Зөндөө тоглоод
Тэсэлгүй өвдсөн толгойгоо
Тэврээд суухад
Би ирж өөрийгөө аргаддаг
Би хаанаас ирдэг ?
Хаашаа явдаг ?
Би гэж хэн бэ ?

Шөнийн эрвээхи дэнлүүний гадна

Зуны шөнө өвсний үнэртэй
Дулаахан салхи унт гэж
Үлгэр шиг эвшээгээд
Шөнөжин зүүд ноолж хонох атлаа
Наранд бүдгэрэн од мэт үзэгдэхгүйд
Хананд тусаад явж одох цацраг гэрлийг
Харцны аргамж таслан хөөхөд
Хар шумуул бичил онгоц мэт чихнээ шунгинаад
Амьдрал мэт үргэлжлэл хөлийн шагайд загатнаад
Хүрч тайтгаруулахыг залхуугаар хучаад
Үүрийн эхэнд шөнийн төгсгөл
Баярлан гүйж нарны цаадтаа одоод
Үдшийн бүрийн үүрэглэн ирэхийг
Нар мандахаас хүлээн эхлээд
Ганцаардахад
Хонхны солгой хоолой
Бухимдал үүсгэх шалтгаан болон гонгиноод
Хэн нэгний үсгүй нүүр миний өмнөөс
Замын гэрэл шиг анивчаад
Ярихыг нь тэнгэрийн дуунд нуумаар санагдаад
Би халуун цогцоснийхоо сүүдэрт нь нуугдаж явахыг нь хүлээгээд
Цагаан инээмсэглэлд гунигаа хулдаад
Ногоон гэрэл мэт өдрүүд
Саадгүй ирж сануулга шиг шарлан буцаад
Огт ялгаатай хоёр шүлэг
Төгсгөлөөрөө давхцаж учраад
Бал дуусахад дэвхцэж хуруугаа хазахад
Хуучны танилын ярьсан ховыг
Хоолтойгоо хольж санахад
Идэх хоолондоо хахаад
Агаарыг дэндүү тансагхан болохыг
Чиний үнэртэй харьцуулмааргүй санагдаад
Тэгэхэд миний нүдэнд цийлгэнэж одод түгээд
Долоон бурханаар нулимснаас хутгаж
Алтан гадас цай чанаж
Маралын гурван гялаанийг цайлахад
Санаа алдах шиг
Сар гэнэт мэлтгэнэн дэврэхэд
Шөнийн эрвээхий дэнлүүний гадна
Хэрхвэл шатаж үхэхээ
Санаашран бодож норсон сонин шиг навсайхад
Хуруу чилтэл балыг чанга бариад
Итгэлтэйгээр би ирээдүйг зурна

Хэн нэгний зүрхэн гүнд

Тэнгэртээ исгэрэлдэн нисэх
Цэнхэр өдөт жижигхэн шувууд
Чилсэн мөрөөдлөө үдшийн зөөлөнд
Бүүвэйлэн шулгана
Хүсэвч харахаас өөр нь үл гүйцэх
Хүслэнт утгатай мөрүүдийг
Хэн нэгний зүрхэн гүнд
Одоохон булшлаад цэцэг түшүүлж
Мартмаараа

Магад хэмээх гэнэнийг түшин

Үүлс навчлан гүн цэнхрээс дэлгэрээд
Лавай галбиржин гүйгүүл хөлөглөн одно
Нарны туяасын нарийнхан шилбэ
Цонхон шилнээ буцаж
Намаглаг ой мэт эхүүн хотын
Униар дунд хугарч эзгүйднэ

*******************

Нулимстайгаа шивнэсэн мөрүүд
Шивээс мэт, зүрхнээ хэн нэгний
Шөнийн будангуйд сэрээд
Зүүдэн дундаас төөрүүлж одлоо
Нэгэнт өнгөрсөн мөч
Инээмсэглэн тэврэхгүйг
Гүн ухаарахгүй
Магад хэмээх гэнэннийг түшин
Утгачлан харуулдна

Чамруу хараад

Чамруу хараад
Алдарт зураг шиг
Битүүхэн ёжтой инээвхийлэхэд
Чи бороонд норсон шиг
Жихүүцлээ, нууж ядан
Хайр зарлах нь
Үүнээс илүү ямар гуниг
Хаана амслаа даа би ...

Тэр ................ анир ахуй

Зүрхний догдлол хайрын үнэрээр
Аргамж алдран одохуй
Зүүсгэл өмсгөл, ухаан сэлтийг алгасан
Дурлалын тал уруу яаран, нүцгэн ирэхүй
Намайг л хүлээсэн, өвчин мэт өдрүүд
Зүүднээ умбах мэт урсахуй
Намрын навч хорвоод ургадгийг
Тэрхэнд мартдагтаа гунихын амьсгал үгүй

Эдгэх мэтээр тэр өдрүүдтэй, амраг холдон одохуй
Эмгэнэл илэрхийлэх гэж ухаан
Хар өмсгөлтэйгээр шөнө мэт ирэхүй
Сар үгүйд, уйтгар урган
Хагацлын талд өвс мэт бөхөлзөхүй
Халуун дуслуудаас нэгэн чимээ сонсогдомуй
Тэр ухаарлын анир ахуй
Тэр ганцаардлын анир ахуй

Бодол болоод суухад минь

Бодол болоод суухад минь
Бороо зүсэрнэ дээ
Борхон толгодын энгэрээс
Цайраад эргэнэ дээ
Аян холын чи минь норсоор ирнэ дээ
Амраг наран тэгэхэд
Бороон дуслаас ургана даа

Хөвсөргөн сэтгэлийн дуульхан гунигаа

Хөвсөргөн сэтгэлийн дуульхан гунигаа
Хэрхэн дуулъя даа
Хүүд тань алдсан сэтгэлээ
Саранд хэрхэн хэлье дээ
Гэрэл дор нь гэглзээд ч
Үзэгдэхгүй тунгалаг гунигаа
Гэрэлт туяанд чинь ургадаг
Цэцгийн үр болгоод
Шөнийн тэнгэрт шигтгэе дээ

Шуурганы дараа өглөөгүүр

Шуурганы дараа өглөөгүүр
Сэтгэлийн тэнгисийн эргээр ганцаар алхахад
Сул үс нүүр рүү минь хийсч
Буй бүхэн бууриндаа л ахуйд
Би өөрийгээ дэндүү жижигхэн гэдэгт итгээд
Цурхиран уйлмаар болдог ч
Хэндээ ч гомдох билээ дээ
Ай амгалан хорвоо

Намрын уйгаар сэрчигнэж

Намрын уйгаар сэрчигнэж
Буйгаараа навч болон гандахад
Нартын амьдралын тоосон дундах
Төөрсөн тусгалаа мартдаг
Чин үнэний зүг гунигаар саравчилж зогсоход
Чилсэн зүрхний гүнд минь
Цагаан цэцэгс хийсдэг ээ...

Яриад байх шиг ...

Зол жаргалын тухай дуулах хэрэггүй
Шүлэгтэй шүлэггүй хэнд ч сайхан
Зовлон гунигийн шүлгээр хагаслахгүй бол
Зүдэрсэн зүрхэн зүүдгүй үхнэ
_______Хэн нэгний санаашрал
_______Хэнхдэг дунд базлах нь
_______Хэлж чадамгүй их зовлон
Ярчхаж болохгүй цээжээ
Гаднаас тэмтэрч үзэхүй
Ямар нэг шаналант оюун
Яриад байх шиг ...

Жирийн эгэлхэн хоногуудийн жимсийг түүсээр явнаа

Энэхэн хавьдаа эрээлж бичээд
Дэвтэр дээрээ дэвэрч амьдраад
Ганцхан чиний зүг гал болон шатаад
Ганц хоёр нулимсаар түймрээн унтраагаад
Өдөр хоногийг өнгөрөөж л явна даа
Тархин доторхи минь тэсгэлгүй буцлаад
Тавласан мөрөөдлүүд минь талаар нэг хөглөрөөд
Хүсэл ургаж хөлд ороолдовч
Жигүүрээ дэлгэн жиргэж нисээд
Жирийн эгэлхэн хоногуудийн жимсийг түүсээр явнаа

Даашинзны минь өнгө

Урт удаан мэт
Богинохон амьдарна
Өөртөө таалагдсан
Даашинз урлах гэж
Салхин торгыг
Санааны утсаар
Оройжин мэтгэлээ
Урласан гоёлоо
Өмсөөд
Өөрийг чинь өмнүүр
Ихэмсэг алхахад
Чи түүнийг минь олж харахгүй
Уруулаас минь зөгий шиг
Янаглалын бал хайна
Өмсгөлийг минь юу ч үгүй ураад
Нүглийг адаар биетэй учирна
Хэзээ чи
Даашинзний минь өнгө
Цэв цэнхэр болохыг
Хээлсэн утас нь хайр болохыг
Орчлонд би хүн биш
Гэрэлт гуниг болохыг
Ойлгох бол гэж бодоод
Олохгүй л суунаа
Олохгүй ч болов уу даа
Салхи саваагүй болохоор
Би санахаас чинь өмнө
Цэцгэн дэлбээнд шүүдэр болоод
Наранд арилна, цагаа ирэхэд

Ганцаардлын жимээр

Нарны тойрогт өөрөөрөө эргэх дэлхий

Нэр хийгээд биеэнд оноогдсон

Би амьд зүүд

Удаан, гунигтай, бороо шиг энэ амьдралд

Цувгүй жиндэж навчсын дунд алхахдаа

Уйтгарлах л ер бусын хуучин бэлэг болохыг

Өөр дотроосоо олж бороо дунд угаана

Цувааны сүүлч шиг намар оройн бороо

Сэтгэлд буцах шувууд норно

Навчсын судлаас гэрэлтэх нойтон шүлэгсийг

Олж унших гэж

Тэгээд мөнх бусыг, хоосныг

Навчин дороос олох л гэж явахдаа

Амьсгалаа хартлаа даарна

Тэгэвч тэр бороо хэн нэгнийг ялгахгүй

Би бороог мэдэрнэ

Хатуу үнэн хийгээд, бас л хоосныг

Би өөрөөсөө олчихвол

Бороонд жиндэхээ мэдрэхээ болино

Ай уйлах минь халуун сүү шиг

Би дэврээд, ширгээд гагцхүү

Илч гэрлээ исэх өвс шиг

Гандах өвс шиг

Намар оройн бороо шиг

Би өөр шигээ

Би намар шиг

Ганцаардлын жимээр

Хоосныг намар оройн борооноос, борооноор сурагчланам ...

Амьдрал гэх улаан тогоо

Амьдрал гэх улаан тогоо
Аймшигтай харагдана уу
Аргаггүй ч байхдаа тэнд
Амьдрал буцалж байгаа хойно
Саруул хүн жаргах нь бүү хэл
Салхинаас нь сэжиглэмээр

Булингартай байна уу?
Амьдрал гэх улаан тогоо
Аймшигтай харагдана уу?

***********

Яг энд би ялзармааргүй байна
Хүний сүүдэр дунд хөгцөрмөөргүй байна

***********

Эгэл бус хүмүүсийн дунд
Энгийн даруухан амьдарна
Эгэлхэн харагдана
Энийг минь эрлэгийн хаан анзаараад
Уйдаж буйг минь мэдээд
Удахгүй дуудвал би баярлана

Цэнхэр тэнгэрт дуулдаг шувуу байсан ч гэлээ

Цэнхэр тэнгэрт дуулдаг шувуу байсан ч гэлээ

Цэцэгт талын дундаас өт түүж иднэ

Цээлийн цэнгэгт шумбагч загас байсан ч гэлээ

Цэл ногоон уснаас хорхой түүж иднэ

Алдрын титэм өмссөн аавын хүү ч гэлээ

Авиртай эхнэрийнхээ өмнө алга хавсран аргадна

Бодлын дээдийг хэлхэгч галзуу халуун шүлэгч ч гэлээч

Болор цомон доторхи сархадандаа живээд төгсөнө

Шүлэгчийн гашуун энлэн

Шүлэгчийн гашуун энэлэн
Шүүдэрлэж сормууснаа тогтдог
Танихийн хирээр сэтгэл нь эрчлэгдэж
Гэгээрлийн халуун зуланд
Гол болон шатаж амирладгаа

Чи ...

Сар хүрээлсэн жихүүн үдэш
Салхинд хийсэх туг үс шиг
Санах мартахын бүдэгхэн сэвхэнд
Сарны царайд инээд минь харагдана
Чи олоорой

Бүүр холын зүүдэнд чинь очиж
Бүлээхэн уруулыг чинь өндгөөрөө тэмтэрч
Алганд чинь чийхарах нойтон хөлс мэт
Ахиад л би чамд зовлон удахаар очно
Чи хүлээгээрэй

Бодлын олон хөврөөн дундаас

Бодлын олон хөврөөн дундаас
Болор эрхи хэлхэх мэт
Тунгалаг гэрэлтэй ширхгүүдийг түүж
Сэтгэлийн нимгэн чавхдаст хэлхээд
Хүмүүн танаар маань уншуулмаар байна

********************

Үе үехэн салхилаад ирэхлээр
Үүлс хураад бороошоод эхлэхээр
Гэнэнний нөмрөг насанд багадаад
Нүцгэн болох нь дээ одоо яанаа
Амьдралын модыг эртхэн бараадаж
Алга дарам навч олдог юм билүү дээ

********************

Сүү шиг сэтгэлээн дэврээж
Өрөм шиг хайраан загсаасан ч
Хусам шиг хардалт доор нь үлдээд
Хуурчих арга олдохгүй юмаа би өөрийгөө

********************

Хаашаа ч хамаагүй гүйчихмээр
Амьсгаадаад тамир тасраад унамаар
Тэгээд газар үнэрлэхэд урин үнэртмээр
Ямар тансаг хүсэл вэ
Тэр хаанаас ирнэ вэ

********************

Үе үехэн уйлахад
Үйзэн нулимс мэлтэрэхэд
Алганд чинь шингээж арччихаад
Инээмээр болдгийг мэдэх үү ?

Өвсний усанд хормой хөлчиж

Өвсний усанд хормой хөлчиж
Үүрээс тасарсан бүдэгхэн гэгээтэй
Бүрэнхий үдшээр
Сормуусан завсраа нар хадгалсан нулимстай
Чиний нөмөрт очсон минь
Баларийн дуу мэт аяархан санагдана
Сартай ч сүүдэргүй үдэш байсан
Мартсан ч гэсэн санагдахаар байсан
Аялсан намуухан дууны чинь
Айзмаар хайр давалж
Элсэн эргээ элбэсэн
Тэнгис шиг би давалгааланхан байсаан

Ганцаардал үнэртэж


Ганцаардал үнэртэж
Гуниг хөвөрсөн чиний нүд
Цус мэт улаан уруул
Нэг л аниргүй тайван ажээ
Гайхалтай тэр оршилд
Хүрэхүй бэрх агаад
Хагцашгүй мэтээ
(энэ зургийг хараад ...)

Яг л тэнд

Яг л тэнд
Яг наана чинь дэндүү эмзэгхэн
Ялихгүй үгийн зайд голдоо хүртэл даарч
Яг л тэнд бас их мэдрэмтгий
Ялимгүй инээмсэглэлд халуу төөнүүлэнхэн гэрэлтдэг
Яг тэнд миний хүн судас
Яруусал ухаарал мэдрэмж бүрээр
Лугшин амьсгалж байдаг юм аа

Sunday 16 March 2008

Одоо бичихгүй бол хэзээ бичих юм

Одоо бичихгүй бол хэзээ бичих юм
Онгон хайр бичихгүй бол юу бичих юм
Хүрээд ирсэн хүслээ хэнд гэрээсэлж үлдээх юм
Хүсэл хясал нулимс баярыг минь
Сүнс минь дараа дуулахгүй шүү дээ