Wednesday 14 May 2008

Нэрийг нь зэрвэсхэн уншвал

Нээрэн би өөртөө ялагдчихаад сууж байна
Нэргүй үгстэй хэдэн нүүдэл өрчхөөд сууж байна
Юу ч олохгүй энэ тоглоомын
Нэрийг нь зэрвэсхэн уншвал
Амьдрал гэсэн байна

Thursday 1 May 2008

Энэ миний шөнө байг

Сарны тэмдэгтэй зүрх минь
Санаа алдаж байна
Сарны хишигтэй зурагдсан заяа
Алганы хээнд гэрэлтэж байна
Энэ миний шөнө байг
Энэ миний сар байг

Тэр зүгээс шүлэг урсаг
Тэр миний цагаан тал байг

Тэр зүгээс бороо шиврэг
Тэр миний хайр шингээсэн нулимс байг

Тэр зүгээс салхи сэрвэгнэг
Тэр гэгээнээс үүсэж ургасан зүүд минь байг

Энэ оршихуйгаа энэ шөнө дэлгий
Үүл халхлавч
Гэрэлтэж байг
Сарны гэрэлтэй бодлууд минь
Хайрлах ухаарахын туяа татуулан
Чиний зүрхэнд гийж байг

Тиймээ энэ шөнө
Тэр чигээрээ би байгээ

Ганцаардал

Ганцаардал энэ шидэт үг
Галгүй зуухан салхи исгэрэхэд
Сэтгэл дулаацуулах шидтэй
Ганцаардал энэ гайхамшиг
Түг түмэн мэдэхгүйн гогцооноос
Дүүжин өлгөөд саран дор
Савлаж суухад
Шөнийн тэнгэрт одод холбон
Шүлэг бичүүлэх шидтэй

Ганцаардал хүмүүсийн дунд
Амьдарч буй зүрхний минь хаяг

Ганцаардал хүслээс ангид сэтгэлийн минь
______Таних тэмдэг
____________Ганцаардал ...

Юу ч үгүй тэнд санаа минь оршдог

Саргүй наргүй салхигүй хургүй
Үгүй
Юу ч үгүй тэнд санаа минь оршдог
Үүл байхгүй сүүдэр байхгүй
Жаргал зовлон байхгүй
Жам ес үхэл хагацал байхгүй
Зоргоороо хоосон байхгүйд би оршдогоо

Магадгүй айдаг болоод тэднийг
Хардаггүй ч юм уу

Маргаашийг өчигдрийг ч мэддэггүй байх

Өөрчлөлт өгөршил өвдөлт шаналал
Баярлах гуних гэдэг бас л тэнд байхгүй ээ
Тэр газарт би байхгүй мэт оршдог оо
Орон зай цаг хугацаа даажсан
Огоорч мартах гомдох уучлах байхгүй
Омголон ааш олиггүй мэхлэлт байхгүй
Сайн нь муу үгүйгээр харагддаггүй
Саар нь сайхангүйгээр оршдоггүй
Сав шимийн бус оргүй хоосонд
Орших оршихгүйн орчилд багтаж уусдагаа


_________________________2006 он