Wednesday 13 August 2008

Эрх чөлөө гэдэг энэ л юм

Энэ үдэш дүрээсээ гаръя
Эмнэлгийн тасгаас түр зугтъя
Зүүдлэхээ ч мартаж орхиё
Зүгээр зүгээр л би
Хэн ч биш болохоо хэсэг зуур мэдэрье

Эрх чөлөө гэдэг энэ л юм
Нэрлэх хэрэггүй нэр чинь амтгүй юм
Ичээд байвал ганцаар бусдаас холдоод

Энэ замаар алхаад үзээрэй

Мэдрэмж бүхнээ суудал дээрээ орхиод
Мэдрэл санамжаа түр унтраагаад
Сарыг ч мартаад сүүдрээ ч мартаад
Сайхан хорвоогийн сайхныг ч мартаад
Архи уухаас өөр
Амраглахаас өөр
Бодохоос өөр
Бясалгахаас өөр
Ердөө л чи өөрийгөө
Ертөнцөөр нэг тарааж үзээч

Галын дөл болно

Сарны бороонд гунигийн шүлэг үглээд
Сэрэвгэр моддын сүүдэр дунд
Үдшийн шүүдэр шиг бөнжийхдөө
Өөрөө өөрийгөө тэврээд
Сэтгэлдээ дулаахан байвал
Өнгө гэрлийн хорвоод хоргодохын хэрэг юун

__________****************
Хуучин амьдрал үгүй
Хуучин андууд үгүй
Хуучин жүжиг үгүй
Цээжний доторхи гуниг өтгөрсөөр л
Өдөр өдрөөр өөртөө дасаж
Өнгө төсөөллөөс үлэмж холдож
Зуун мянган жилийн үзүүрээс
Зурвасхан төдийг олж
Сэтгэлээ тэжээнэ

Sunday 10 August 2008

Аааа үүүүү

Нар байдаг
Ганцхан удаа мандаад
Ганцхан удаа жаргадаг
Нар гэж байдаг

Сэтгэл байдаг
Шүүдрийн дусалтай дэлбээ шиг
Шүүдрийн дусалгүй дэлбээ хагдрах шиг
Сэтгэл гэж байдаг

Нулимс байдаг
Нуусан гомдол задалдаг
Нууж болдоггүй
Нулимс гэж байдаг

Ганцаардал байдаг
Гангийн нар зэрэглээ шиг
Ганцаардал ганц мөч
Ганцаардал гэж байдаг

Ухаарал байдаг
Уйлаад цэлмэсэн
Амьдрал дундаас давж харсан
Ухаарал гэж байдаг

Хүн байдаг
Хүн шиг хүн байдаг
Хүн шиг биш
Хүн гэж байдаг

Saturday 9 August 2008

Амлаж чадахгүй

Тийм хөнхөн инээмсэглэл
Тэврэх нь ихээ дотнохон
Бодлын чанадаас шувууд чинь
Миний зүгт нисэлдэвч
Болох болохгүйн торонд
Далиа хумиад гуниглангуй

Орчлонд олон өдөр үгүй
Одоо гэх энэ үг
Маргааш их өөр сонсогдоно, мэдрэгдэнэ
Ганцхан байж мэдэх энэ л агшинг
Газарт шингээчхээд дараа нь
Ингэж хөнгөн инээмсэглэхгүй

Хүсэл төдий гэж битгий чамла
Амьдрал хүслээс хөлтэй
Амрагийн төгөл хайрын үг одоо илүүднэ
Буруу зөвийн хаалгаар нэвт шувт алхалж
Болортох өнгийн тансгаар
Цангасан төрхөө сэргээ

Хүн биеийн эрвэгнэх төдий мэдрэмж
Хөл алдана энд хэтэрхий гүнзгий
Нарны туяа хүрдэггүй далай ёроол шиг
Надаас урсах урсгалд чи
Сэлүүргүй нэг төөрөөч
Үүнээс өөр юу ч, чамд амьдралаас
Амлаж чадахгүй
Үнэндээ энэ хэсэгхэн бороонд
Хурц наранд яаг над шиг
Надтай хамт
Энд энүүхэнд
Тэгээд тэнд