Tuesday 16 September 2008

Энэ намрыг би

Нам гүмхэн намрын цэнхэр огторгуйгаас
Нууцлаг мэлмий чимээгүй ширтнэ
Дотор орших анир чимээгүйг
Далдын далдаас сэрээн дуудна

Үнэн, өнө мөнх бий гэж
Үлгэрийн төгсгөл аз жаргалтай гэж
Хүн гэдэг нэр утгатай гэж
Хүйтэн хорвоод чи нарны гэрэл гэж

Итгэхэд хэцүү бүхнийг
Чимээгүй хүүрнэнэ
Эээ
Энэ намрыг би
Хэнтэй хувааж нөмрөх вэ

Үл аних тэр харцны дор
Үйлийн үртэн би өдөржин тэнэнэ
Олж үл чадсан жаргалыг
Огторгуйн гүн хөх цээл
Чамаас би ахиад л асууяа

Хэрхэвэл энэ орчлон амгалан болох ?
Хэрхэвэл би огторгуйд одож болох ?
Хэрхэвэл сэтгэлийн үл аних шанлал амирлах ?
Хэрхэвэл бүхний үйл заяаны учиг алдууран тайлгарах вэ?

Wednesday 10 September 2008

Цэнхэр сарны дор

Орчлонгийн гэрэл сүүдрээс
Тасарч чадахгүй суухад
Амьдарч дасаагүй мөн чанар
Цээжинд хургаад гуниглангуй
Цэцэг татдчихсан юм шиг
Тэр шаналанг мэдрэхэд
Цэнхэр сарны дор
Амьд явахаас халгамаар
Эдэлж чадахгүй буй
Энэ эрх чөлөөг
Энгийн өдрүүдээр арилжаад
Зугтаж яваадаа хармасдаг
Бурханаас өгсөн бэлэгээ
Хэрхэх учраа олохгүй
Будилсан нэгэн манан
Борог амьдралын хөлд
Хиртэж л тунарна


Saturday 6 September 2008

Амьдрал богино юм

Эргэж хараад инээмсэглэж амжихгүй байж мэднэ
Амьдрал богино юм
Ээдрээсэн үгээ засаж чадалгүй холдож мэднэ
Одоо л хэлий
Өнөөдрийн үнэн маргааш худлаа
Хувирахын дунд
Өнгө дүрсний дунд төөрсөн
Хүний энэ заяанд

Өөрийгөө олоогүй яваа
Бүдэгхэн цагийн аашаар
Бусдын зүрхэн дундуур хэчнээн ч туучиж
Буцааж болохгүй буруу мөр тарисаныг
Бүгдийг минь уучил хүмүүсээ

Хүсэхийн учигт хөтлүүлээстэй
Өнөөдөр маргаашууд дотроос
Хүн болсон заяаны
Үнэтэй нь юу ?
Өнгө үзэгдэл дүрсгүйд хууртаад
Солонго барихаар гүйх шиг амьдралд
Үлдэх нь юу олох нь юуг
Бодож нэг үзмээр
(дотор байгаад байсан эхний 4 мөр нь гүйцээх гэхээр санасан шиг болохгүймаа.
гэхдээ оруулмаар санагдаад аа.)