Saturday 9 August 2008

Амлаж чадахгүй

Тийм хөнхөн инээмсэглэл
Тэврэх нь ихээ дотнохон
Бодлын чанадаас шувууд чинь
Миний зүгт нисэлдэвч
Болох болохгүйн торонд
Далиа хумиад гуниглангуй

Орчлонд олон өдөр үгүй
Одоо гэх энэ үг
Маргааш их өөр сонсогдоно, мэдрэгдэнэ
Ганцхан байж мэдэх энэ л агшинг
Газарт шингээчхээд дараа нь
Ингэж хөнгөн инээмсэглэхгүй

Хүсэл төдий гэж битгий чамла
Амьдрал хүслээс хөлтэй
Амрагийн төгөл хайрын үг одоо илүүднэ
Буруу зөвийн хаалгаар нэвт шувт алхалж
Болортох өнгийн тансгаар
Цангасан төрхөө сэргээ

Хүн биеийн эрвэгнэх төдий мэдрэмж
Хөл алдана энд хэтэрхий гүнзгий
Нарны туяа хүрдэггүй далай ёроол шиг
Надаас урсах урсгалд чи
Сэлүүргүй нэг төөрөөч
Үүнээс өөр юу ч, чамд амьдралаас
Амлаж чадахгүй
Үнэндээ энэ хэсэгхэн бороонд
Хурц наранд яаг над шиг
Надтай хамт
Энд энүүхэнд
Тэгээд тэнд

No comments: