Showing posts with label another. Show all posts
Showing posts with label another. Show all posts

Thursday, 30 October 2008

Үдшийн сар шиг хэвээрэй л байг

Чамд хэлж чадахгүй нь ээ
Гэхдээ чив чимээгүйд аяархан шивнэе
Санадаг шүү хэв хэвээрээ
Сартай үдэш мөрөөддөг шүү
Яг л янзаараа
Зүүднээс минь чи өөрөө буцахгүй болохоор
Зүрхнээсээ би гээж л чадахгүй нь ээ
Тэр хэдхэн мөрийг
Хатуу болоод харанхуй дунд
Хайр болоод гэрэл байг
Харамсаагүй үдсэн цаг мөчүүд дунд
Үдшийн сар шиг хэвээрээ л байг

Tuesday, 16 September 2008

Энэ намрыг би

Нам гүмхэн намрын цэнхэр огторгуйгаас
Нууцлаг мэлмий чимээгүй ширтнэ
Дотор орших анир чимээгүйг
Далдын далдаас сэрээн дуудна

Үнэн, өнө мөнх бий гэж
Үлгэрийн төгсгөл аз жаргалтай гэж
Хүн гэдэг нэр утгатай гэж
Хүйтэн хорвоод чи нарны гэрэл гэж

Итгэхэд хэцүү бүхнийг
Чимээгүй хүүрнэнэ
Эээ
Энэ намрыг би
Хэнтэй хувааж нөмрөх вэ

Үл аних тэр харцны дор
Үйлийн үртэн би өдөржин тэнэнэ
Олж үл чадсан жаргалыг
Огторгуйн гүн хөх цээл
Чамаас би ахиад л асууяа

Хэрхэвэл энэ орчлон амгалан болох ?
Хэрхэвэл би огторгуйд одож болох ?
Хэрхэвэл сэтгэлийн үл аних шанлал амирлах ?
Хэрхэвэл бүхний үйл заяаны учиг алдууран тайлгарах вэ?

Thursday, 17 July 2008

Хайр сэтгэл

Хайр сэтгэл
Хайрламаар хүн
Хайрлуулах хүсэл
Хайр горьдсон харц

Хайр сэтгэл

Азтай тохиол
Хувь заяа
Хувь заяаны тоглоом
Үл анзаарагдах

Хайр сэтгэл

Амлалт, хүлээлт
Азгүйдэл, буруу үг (санаа нь зөв)
Эрэхлэж туниад
Тоглоом үл даах

Хайр сэтгэл

Учрах бас холдох
Үл мартагдах
Мартахын хүсэл
Үнэн ч биш амрагууд

Хайр сэтгэл

Зураг нь шүлэгт үлдэх
Аялгуу нь шүлэгтэй уянгалах
Харц харцнаас хальсан
Халуун урсгал

Хайр сэтгэл

Догдлол, нулимс
Итгэл, ирээдүйн тухай
Андуурал авцаа өгцөө хайрын
Харамлахын харанхуй

Хайр сэтгэл

Гал дурлал
Газраас тасрах
Уярал, хүсэмжлэл
Угтаа энэ бүхэнд тэссэн

Хайр сэтгэл

Хайр сэтгэл мандтугай

Monday, 7 April 2008

Тэгээд л энэ

Гомдоод л байхлаараа гэмгүй саранд туниж
Голоос цутгах усан бороог шөнийн тэнгэрт асгаж
Эртээс хөвсөн үгээ буцааж нэхэх гээд
Энгэртээ гуниг эрхлүүлж жаргаж суухдаа
Уйлна
Тэгээд л энэ

Амархан чиг юм шиг санагдах
Амьдралын наадгайг чинь
Асгаж л наадах уу
Эвлүүлж л наадах уу ?

Saturday, 29 March 2008

Нэг өглөө сэрээд л би


Нэг өглөө сэрээд л би
Бүхний учрыг таньчихсан
Нэг их ухаантай гуниг татсан харцтай
Надад үзээгүй амт орчлонд үгүй мэт
Намуухан ойн гүнд бөвтнөх шар шувуу шиг гөлийгөөд
Орон дээрээ хөнжлөө нөмрөөд
Олон олон бодлын олсонд орооцолдон суудаг
Дараа өглөө дөнгөж эхэлтэл
Далавч живэр хаа сайгүй ургаж
Нарны туяагаар гунигаан угааж
Оготор банзлаа өмсөөд
Орцонд болзмоор санагдаж
Дурлаад хаягдмаар
Хашгачмаар, дуугүйхэн уйлмаар
Шүлгийн дэвтрээ шатааж орхиод
Шөнө элчинд нь дулаацмаар болдог
Өглөө бүр би үхмээр л болдог дандаа
Гэвч тэвчилгүй
Үдэш бүр харин өглөөг үзмээр санагддаг дандаа

Sunday, 23 March 2008

Бороотой харцанд чинь

Бороотой харцанд чинь
Шүхэргүй нэвт норж
Галтай үгэнд чинь
Бардамнал минь шатаж
Хавартай амьсгаанд тань
Цээжний цэцэгс нүдэлж
Хаа холын сургаар чинь
Өвдсөн сэтгэл эдгэж
Хавар болж байна уу?
Бороо орж байна уу?
Цэцэг ургаж байна уу?
Хаа нэгтэйгээсээ би шатаж байна уу?
Хаахна байна сэтгэл минь
Надад байна уу? Танд байна уу?

Wednesday, 19 March 2008

Ухаантай байх гэж

Утгагүйн хажууд

Ухаантай байх гэж

Тэнэглэж зовоход

Уйтай амьдралд

Хүн шиг амьдрах гэж

Гуниж явахад

Няслаж шоглодог

Ухаарч тайвширдаг

Амьдралыг тоглоомонд

Алдаж үсрэхэд

Аль ч байсан адилхан шүү дээ гэх

Ганцхан бодлоор өөрийгөө зогооход

Хоолойд зангирсан нулимсанд

Хөнгөн уйгаа дайхад

Яах гэж амьд яваагийнхаа

Утгыг хайх

Богинохон чөлөө

Надад олдоно

Цэнхэр шөнийн намуухан нугад

Цэнхэр шөнийн намуухан нугад
Цэцэгсийн дуулах чимээн дунд
Цохын гэрэлд өвсөн шүүдрээр
Чинийхээ цээжнээ хайрын шүлэг бичиж
Зул мэт сүүмэлзэнэ гэж би
Дандаа л мөрөөддөг шүү амраг минь

Тоос дарсан навчсийг

Тоос дарсан навчсыг

Алтан өнгөөр будаж дөнгөдөг

Гэрэлт гуниг үгүйсэн бол

Намрын шид хаанаа л билээ

Тоглоом даагаагүй насний

Тогтоо нь үгүй хайрыг

Торгоож дөнгөдөг

Гэрэлт онгод үгүйсэн бол

Шүлгийн шид юундаа л билээ

Үсчин шиг хүрээд ирдэг

Нэг зүйлийг
Хүлээнэ бас хүлээгүй гээд
Нэг дор шийдчихдэг
Хүсэл минь тэвчээр минь
Цуг алхаад, сугадаад ярилцаад
Иргэн ebajina-г хэрхэх тухайгаа
Инээлдсээр зөвлөлдсөөр
Үсчин шиг хүрээд ирдэг
Толгойгоо би тэдэнд харамгүй өгөөд
Тэд түүгээр
Тэвч эсвэл хүс гэдэг
Тэнэг тоглоом
Зөндөө тоглоод
Тэсэлгүй өвдсөн толгойгоо
Тэврээд суухад
Би ирж өөрийгөө аргаддаг
Би хаанаас ирдэг ?
Хаашаа явдаг ?
Би гэж хэн бэ ?

Тэр ................ анир ахуй

Зүрхний догдлол хайрын үнэрээр
Аргамж алдран одохуй
Зүүсгэл өмсгөл, ухаан сэлтийг алгасан
Дурлалын тал уруу яаран, нүцгэн ирэхүй
Намайг л хүлээсэн, өвчин мэт өдрүүд
Зүүднээ умбах мэт урсахуй
Намрын навч хорвоод ургадгийг
Тэрхэнд мартдагтаа гунихын амьсгал үгүй

Эдгэх мэтээр тэр өдрүүдтэй, амраг холдон одохуй
Эмгэнэл илэрхийлэх гэж ухаан
Хар өмсгөлтэйгээр шөнө мэт ирэхүй
Сар үгүйд, уйтгар урган
Хагацлын талд өвс мэт бөхөлзөхүй
Халуун дуслуудаас нэгэн чимээ сонсогдомуй
Тэр ухаарлын анир ахуй
Тэр ганцаардлын анир ахуй

Бодол болоод суухад минь

Бодол болоод суухад минь
Бороо зүсэрнэ дээ
Борхон толгодын энгэрээс
Цайраад эргэнэ дээ
Аян холын чи минь норсоор ирнэ дээ
Амраг наран тэгэхэд
Бороон дуслаас ургана даа

Хөвсөргөн сэтгэлийн дуульхан гунигаа

Хөвсөргөн сэтгэлийн дуульхан гунигаа
Хэрхэн дуулъя даа
Хүүд тань алдсан сэтгэлээ
Саранд хэрхэн хэлье дээ
Гэрэл дор нь гэглзээд ч
Үзэгдэхгүй тунгалаг гунигаа
Гэрэлт туяанд чинь ургадаг
Цэцгийн үр болгоод
Шөнийн тэнгэрт шигтгэе дээ

Шуурганы дараа өглөөгүүр

Шуурганы дараа өглөөгүүр
Сэтгэлийн тэнгисийн эргээр ганцаар алхахад
Сул үс нүүр рүү минь хийсч
Буй бүхэн бууриндаа л ахуйд
Би өөрийгээ дэндүү жижигхэн гэдэгт итгээд
Цурхиран уйлмаар болдог ч
Хэндээ ч гомдох билээ дээ
Ай амгалан хорвоо