Wednesday 20 May 2009

Мартамгүй сонгодог зураг болно



Аадар шиг
Зуурхан шаагиад өнгөрөх
Тийм богинохон
Тийм түрэмгий
Тийм догдлолт хайрыг
Энэ нууранд дээр оруулаад
Нэмэргүй дээ
Ус усаа танихгүй
Дусал бүхэн чинь оролдовч
Долгио түгээж цөхнө
Дуугүйхэн нуур чимээгүй залгина
Борооноос бүтсэн хайр
Миний сэтгэлд
Үл мэдрэгдэнэ
Бороо өөрийгөө мартана
Тэр дунд
Цувгүй залуу жиндэнэ
Мартамгүй сонгодог зураг болно
Намар орой шиг

Гомдож боломгүй орчлон


Сэрэхүйн баярт хуруу чичрэн догдлох
Сэмхэн одохвий гэхдээ
Чимээгүй дотроо чагнах
Зөөлөн мэдэрсээр олох, онох
Зүгээр энэ бүхний төлөө
Гомдож боломгүй орчлон

*******

Энэ мөч ямархныг чи мэднэ дээ
Шаналж буйгаа хэлээгүй ч
Мэдэрч байгааг чи мэднэ
Чамд ямар байгаа бол
Санаснаар биш дээ амьдрал
Зурснаараа л болохоос
Зуурхан бороонд дуртай сан
Чамаас асуухаа мартаж дээ


*******

Цэцгийн дэлбээнд шүүдэр зохих нь
Зохирол шиг

Аниргүйд алдсан санаа
Навчинд буух нь
Намар шиг

Хаа нэгтээгээс ирсэн гийчинд
Сэтгэлээ дайсан минь
Хайр шиг

Санамсаргүй он цагийг анзаарсан минь
Ухаарал шиг

Хөшигний завсараар тэр
Туяагаа илгээх нь
Гомдомхой сэтгэлийг аргадах шиг

Хөл дор хувцас хөглөрч
Амьсгал давчдах нь
Үргэлжлэл шиг

Явсан, гээсэн, үгүйрсэнд
Үл харамсаад бодолгүй болох минь
Ариусал шиг

Юу ч үгүй ирээд
Хүн болж амьдрах нь
Цэцэг ургах шиг