Showing posts with label агшин ахуй. Show all posts
Showing posts with label агшин ахуй. Show all posts

Wednesday, 4 April 2012

***


Элгэн хадтай улаан уулын
Энгэрт завилаад юугаа ч хийх
Энэлэн нь нэвчсэн улаан зургыг
Эргүүлж өлгөөд хэнийгээ ч хуурах
 

Friday, 9 December 2011

Тохиолдолд

Нулимс
Шиг дусал ус
Нүднээс унана
Зүгээр дусал
Дусал уснууд

Надаар тохуурхсан 
Түүний санаа
Дусал ус шиг
Нулимс юм

Гэхдээ би дотроо инээж байгааг
Нулимсанд дуртай чи
Хэзээ ч мэдэж чадахгүй ээ

Борооны үүлэн цаана ч
Нар ...
миний инээд шиг 



Friday, 7 October 2011

таталбар ...





Чулуун хөшөөний оройд хар хэрээ бодлогоширч
Хүүхдүүд, ноход гудамжинд шуугилдана
Нар жаргахдаа уулсын энгэрийг уйтгарт ногооноор будаж
Гулдан хаалганы гуяыг шаргалтуулна

Энэ
Зүүдний өнцөгт гээгдсэн хоосрол.


Унаж буй нарны туяан дээгүүр хүүхдүүд
Дээс эргүүлэн үсчинэ
Ядарсан нар адгах шиг
Хуучин шонгийн хөшсөн арслан сийлбэр
Гийнах шиг


Улаан сар
Шаргал зул
Мөргөл
Зулын гэрэл нэвтрэхүйд үзэсгэлэн урлах
Хатсан замбага
Тэр
Хийдийн бүгдхэн цонх муутуу



Тахиралсан зам төмөр
Модон дэр унтах
Явах тэрэг галт
Хүмүүс яаруу
Хүлээх нь өдөр
Хүйтэн өдөр өвлийнх


Хаашаа явна даа
Хэн нэгнийг танихгүй ч
Гэхдээ бас догдлол


Хэлэх гээд л үг
Гарч өгөхгүй гацах
Гашилсан бодол
Дотор муухайруулам
Өнчин мод
Бас энэ аяз
Орчлонгийн юунд хорогдсоно
Хоригдсоноо
Нүдээ аниад бодлоо
Үл олдноо
Төөрнөө өнөөх танил орчлондоо
Танил атлаа яагаад



Бүдэгхэн зам төсөөлөл
Итгэл


Янаг дүртэй залуугийн тухай бодол
Хүчтэй биш ч хорлонтой
Нууцхан амилах хүсэл тамхины цог шиг
Нууж ядахад, тэвчээрийг түлэн улалзана
Хэнээс ичээв дээ



Өдөр бүрийг тэмдэглэж үлднэ
Өөр ажил үгүй

Monday, 7 June 2010

Би үгүйгээр

Чамд зориулж
Хоёулаа инээлдэх үү ?
Хоосон, хоосон утгаггүй гээд л
Мэддэг юм шиг ярилцах уу?
Хоосон харцнаас чи
Айхгүй юу?
Хонгор минь бид
Яах гэж байлаа ?
Уйтгартай нүдэнд дуртай юу ?
Уруул дээрээ үнсүүлмээр үү ?
Орхиод явуул уйтгарлаж хүлээх үү ?
Мартаад шинээр дурлах уу?
Одоо болсон гэх шиг
Чи чимээгүй л байна
Би ч бас бодож байна
Тийм чиний зөв ойлголцол
Ойлголцол
Тэр хаана байна?

Saturday, 13 March 2010

Тийм намар


Уйтгартай цэлмэг намрын өдөр

Уулзаад салсан холдсон

Ахиад намар ирнэ, огт өөр

Чиний хөлийн мөргүй

Бүүр их уйтгартай цэлмэг

Тийм намар

Thursday, 11 February 2010

Маргааш ирэхгүй удна

Амттан идэж дуусаад хуруугаа тамшаах шиг
Өчигдрийн өвөр түрүүг тэмтчин
Өнөөдрийн дутууг дүүргэх гэсэн
Санааг минь
Цаг хугацаа ойлгочих шиг
Маргааш ирэхгүй удна

Thursday, 30 October 2008

Амьдрал хаана байгааг олж харсангүй

Жаргаж байхдаа л жаргал байхгүйг мэдэрсэн
Зовж суухдаа бас зовлон үгүйг ойлгосон
Амьдарлд дунд бороонд норох шиг зогсоод
Амьдрал хаана байгааг олж харсангүй
Өнөөдрөөс маргааш руу намайг
Юу хөтөлдгийг
Үг нэрж суухдаа

Хаанаас ирснийг анзаараагүй ч
Тэр үгс ирсэн зүгт
Тэнэсэн сүнс минь харихаар одно




Monday, 20 October 2008

Зуурхан борооны үнэр

Нүдээ аниад зөөлөн инээмсэглээд
Нүцгэн бие дээр минь бүлээн дуслууд урсахыг төсөөлөөд л
Гэзгийг дагасан ус цамцны чинь энгэрийг норгоод
Гэгэлзэнхэн эрхэлмээр л .. .

Зун харьж цас ирж байхад
Зуурхан борооны үнэрийг би
Ямар их үгүйлнэ вэ?

Wednesday, 1 October 2008

Яаж л байна даа энэ цаг хугацаа

Сарны наадтаа хөвөх үүлсээс
Шүлгийн мөр цас шиг хаялахад
Шатах шиг гэсэх шиг
Зогсох шиг цохилох шиг
Яаж л байна даа энэ зүрх
Яаж л байна даа энэ цаг хугацаа

Гэрэлтсэн мөрс модны мөчир дээр буухад
Гэрээ санасан хүн би
Оддын зүгт мөрөөднө

(*************
***************
***********
мөрүүд байгаа ...)

Мэдэхгүй ээ
Амьдрал гэдэг
Юу болохыг мартана

Wednesday, 13 August 2008

Эрх чөлөө гэдэг энэ л юм

Энэ үдэш дүрээсээ гаръя
Эмнэлгийн тасгаас түр зугтъя
Зүүдлэхээ ч мартаж орхиё
Зүгээр зүгээр л би
Хэн ч биш болохоо хэсэг зуур мэдэрье

Эрх чөлөө гэдэг энэ л юм
Нэрлэх хэрэггүй нэр чинь амтгүй юм
Ичээд байвал ганцаар бусдаас холдоод

Энэ замаар алхаад үзээрэй

Мэдрэмж бүхнээ суудал дээрээ орхиод
Мэдрэл санамжаа түр унтраагаад
Сарыг ч мартаад сүүдрээ ч мартаад
Сайхан хорвоогийн сайхныг ч мартаад
Архи уухаас өөр
Амраглахаас өөр
Бодохоос өөр
Бясалгахаас өөр
Ердөө л чи өөрийгөө
Ертөнцөөр нэг тарааж үзээч

Thursday, 17 July 2008

Хувь заяа завьтай сэлгүүцэх үдэш

Хүний дүр хань болохгүй өнөөдөр
Хүслийн улбаа хүч болохгүй өнөөдөр
Нарны гэрэлд сэтгэл бүлээцэхгүй өнөөдөр
Нарны амьдралаас бас ахиад зугтсан өнөөдөр

Сарны гэрэл сархад болох үдэш
Өнгөрсний мөр гэрэл болох үдэш
Хувь заяа завьтай сэлгүүцэх үдэш
Хуучлах сэтгэлд салхи хөдлөөд намдахад
Хуучрын эгшгээс сэтгэлд
Хуучин дурсамж хөглөрөхөд

Хурууны минь өндгөнд гялтганах дусалд сар гэрэлтэнэ

Sunday, 23 March 2008

Хорвоо чи

Хорвоо чи хоёр нүдээ
Хоромхон зуур аньж байгаач
Хонгор хайртай хүүдээн очоод
Хоноглоод иртэл минь бүү нээгээч

________*******

Үе үехэн уйлахад
Үйзэн нулимс мэлтрэхэд
Алганд чинь шингээж арччихаад
Инээмээр болдгийг мэдэх үү ?

Ус мэт үгүйлэгдэн

Ус мэт үгүйлэгдэн
Цангаахаа
Чи муухан мэддэг
Уг нь хуурайшиж
Санаж хүлээхээ
Би сайн чаддаг
Учрах хором
Зэрэглээ шиг хуурахаа
Хэнээр ч хэлүүлэлтгүй хийдэг
Уг нь хорвоод бидэн
Уулзах гэж л ирсэн гэж
Би зүүдэлсэн санагдана

Чи надруу харах шиг

Чи надруу харах шиг
Бороо ороосой, тэгээд дараа нь
Чиглэсэн нүднээс чинь хайр төөнөх шиг
Нар үзэгдээсэй, тэгээд дараа нь
Тэврээд авах шиг
Төөрмөөр манан буугаасай
Түүний дараа энэ бүхнийг
Би битгий мартаасай

Инээд, нулимсний амтанд цадаагүйдээ л би

Хууртаж ханадаггүйдээ л би өдийг хүртэл
Худлааг нь мэдсээр итгэдэгтээ л одоог болтол
Инээд, нулимсний амтанд цадаагүйдээ л би
Эгшиг үг уусан дуу болох шиг
Эрвэгэр сэрвэгэр амьдрах юм
Дуу болох шигээ