Showing posts with label бухимдаад. Show all posts
Showing posts with label бухимдаад. Show all posts

Sunday, 23 March 2008

Хэн ч биш байхад

Халтирч алдрам
Барьцгүй амьдралын
Халирч алдрах
Учирлын үзүүр
Гарын хуруунд
Алганы хээнд
Баригдан тавигдах нь
Гарчиггүй мөрс шиг
Утгатай үгүйтэй
Тэнцэж хичээж алхахад
Сэтгэлийн бяр тамирдаж
Тэнжээлэх оноо, алдаа
Алхах бүрд хүндэрч
Салхины үзүүр атгаад
Дууны цуурай шиг замхрахад
Санахуйд үлдээд
Гунигтай сэрэх
Зүүдний төгсгөл шиг
Зөөлний хатуу
Буруугийн зөвөө
Шил шиг хүмүүсийн
Толь шиг нүдэнд
Туссан тусгал минь
Хэн ч биш байхад
Сэтгэл минь баясаж инээгээд
Тэнэглэл минь дуусахгүй
Гарчиггүй мөрс шиг
Утгатай үгүйтэй

Хэтэрхий их хайрыг чинь даах хүн үгүй

Хэтэрхий их хайрыг чинь даах хүн үгүй
Хэрэггүй өгч хэрэггүй, тэдний хүн нуруу нь хугарна
Дэндүү их итгэлийг чинь даах хүн үгүй
Хэрэггүй өгч хэрэггүй, дээлийн эмжээр шиг зан нь сэмэрчихнэ
Энэлсэн их сэтгэлийг чинь мэдрэх хүн үгүй
Хэрэггүй дэлгэж хэрэггүй, хүмүүний хүрэлцэхүй нь алдарна
Хүнд юугаа ч өгч хэрэггүй
Тэд дэндүү хэврэгхэн энгийн
Ганцхан өрөвдөх л хэрэгтэй тэднийг
Нулимсаараа хаяа услах л хэрэгтэй
Тэдэн утгагүй инээмсэглэл
Утгагүй үзэн ядалт нь л тохирно

Ухаантай нүд хаа нэг

Нөхцөлдөн үүссэн минь
Ямархан цэцгийн үр бол
Наранд илбүүлж ургахдаа
Хэрхэн өнгө олох бол
Юуны тулд гэвч
Цэцэгс ургадаг юм бол
Юуны тулд цэцэгс эвцэж
Үр үлдээдэг юм бол

Ухаантай нүд хаа нэг
Гунигтай хэсүүчлэх цагаар
Улирал, цагийн аяс салхинаас
Цөвийн амьсгал үнэртэж
Аалийн уяхан, зангийн зөөлөн
Шавхайд туссан сарны ард
Үзэгдэхгүй нуугдахад
Сайхан царайд энгэсэг үзэгдэхээс
Инээмсэглэл үзэгдэхгүйд
Үзэгдэл, ахуй бүхний
Сүүдэрт нуруу л сүүтгэнэж
Үнэндээ хүний орчлонд
Үл мэдэг эрт ирээд явахгүй гэх
Үүл шиг бодол толгойд нүүхэд
Үгүйдээ ялгаагүй гэх салхи
Үүлсийн бодлыг хөөгөөд одохдоо
Хүмүүн гэгч инээдэг ч
Мах зулгаах ясан шүдтэй
Хүмүүн гэх хайрладаг ч
Өс өвөрлөх өчүүхэн дотортой
Өдөр шиг бас шөнө шиг гэж
Үгэлсээр одлоо
Үнэн л бололтой
Өөрийнхөө тухай бодож үзтэл минь

Wednesday, 19 March 2008

Амьдрал гэх улаан тогоо

Амьдрал гэх улаан тогоо
Аймшигтай харагдана уу
Аргаггүй ч байхдаа тэнд
Амьдрал буцалж байгаа хойно
Саруул хүн жаргах нь бүү хэл
Салхинаас нь сэжиглэмээр

Булингартай байна уу?
Амьдрал гэх улаан тогоо
Аймшигтай харагдана уу?

***********

Яг энд би ялзармааргүй байна
Хүний сүүдэр дунд хөгцөрмөөргүй байна

***********

Эгэл бус хүмүүсийн дунд
Энгийн даруухан амьдарна
Эгэлхэн харагдана
Энийг минь эрлэгийн хаан анзаараад
Уйдаж буйг минь мэдээд
Удахгүй дуудвал би баярлана

Цэнхэр тэнгэрт дуулдаг шувуу байсан ч гэлээ

Цэнхэр тэнгэрт дуулдаг шувуу байсан ч гэлээ

Цэцэгт талын дундаас өт түүж иднэ

Цээлийн цэнгэгт шумбагч загас байсан ч гэлээ

Цэл ногоон уснаас хорхой түүж иднэ

Алдрын титэм өмссөн аавын хүү ч гэлээ

Авиртай эхнэрийнхээ өмнө алга хавсран аргадна

Бодлын дээдийг хэлхэгч галзуу халуун шүлэгч ч гэлээч

Болор цомон доторхи сархадандаа живээд төгсөнө