Showing posts with label шүлэг. Show all posts
Showing posts with label шүлэг. Show all posts

Thursday, 23 October 2008

Гомдох уучлах хоёрын голд зогсоход


Цас, бороо, навчны чимээнд
Сүнсээ уячхаад
Цагаан харын өнгийг таашааж
Хаан шиг суухад
Амьдралд сэтгэл ханаж хоосон санагдахад
Авчихмаар нь ганцхан
Чи л байх юм даа

Яалтай вэ ?
Үнэн худлын араас инээмсэглэж үдээд
Үзэн ядсан хэн нэгнийг
Зүтгэн байж хайрлаж, мартаад
Гомдох уучлахын дунд зогсоход
Голоос мэлтгэнэх нулимс
Бидний л дундаас байхым даа
Энэ төгс бус хайрыг
Яамаар ?
Аль модны мөчирт би
Навч болгоод орхихсон бэ?
Аль модны мөчрөөс
Навч болгоод хийсгэхсэн бэ?

Saturday, 6 September 2008

Амьдрал богино юм

Эргэж хараад инээмсэглэж амжихгүй байж мэднэ
Амьдрал богино юм
Ээдрээсэн үгээ засаж чадалгүй холдож мэднэ
Одоо л хэлий
Өнөөдрийн үнэн маргааш худлаа
Хувирахын дунд
Өнгө дүрсний дунд төөрсөн
Хүний энэ заяанд

Өөрийгөө олоогүй яваа
Бүдэгхэн цагийн аашаар
Бусдын зүрхэн дундуур хэчнээн ч туучиж
Буцааж болохгүй буруу мөр тарисаныг
Бүгдийг минь уучил хүмүүсээ

Хүсэхийн учигт хөтлүүлээстэй
Өнөөдөр маргаашууд дотроос
Хүн болсон заяаны
Үнэтэй нь юу ?
Өнгө үзэгдэл дүрсгүйд хууртаад
Солонго барихаар гүйх шиг амьдралд
Үлдэх нь юу олох нь юуг
Бодож нэг үзмээр
(дотор байгаад байсан эхний 4 мөр нь гүйцээх гэхээр санасан шиг болохгүймаа.
гэхдээ оруулмаар санагдаад аа.)

Sunday, 10 August 2008

Аааа үүүүү

Нар байдаг
Ганцхан удаа мандаад
Ганцхан удаа жаргадаг
Нар гэж байдаг

Сэтгэл байдаг
Шүүдрийн дусалтай дэлбээ шиг
Шүүдрийн дусалгүй дэлбээ хагдрах шиг
Сэтгэл гэж байдаг

Нулимс байдаг
Нуусан гомдол задалдаг
Нууж болдоггүй
Нулимс гэж байдаг

Ганцаардал байдаг
Гангийн нар зэрэглээ шиг
Ганцаардал ганц мөч
Ганцаардал гэж байдаг

Ухаарал байдаг
Уйлаад цэлмэсэн
Амьдрал дундаас давж харсан
Ухаарал гэж байдаг

Хүн байдаг
Хүн шиг хүн байдаг
Хүн шиг биш
Хүн гэж байдаг

Thursday, 17 July 2008

Залуу нас чи бүү гунигла

Залуу нас чи бүү гунигла
Зах нь харагдахгүй орчлон
Нараар эхэлдэг
Залуу нас чи бүү гунигла
Зангирсан гомдлын учир
Ганцхан инээмсэглэлийн үнэгүй байдаг
Залуу нас чи бүү гунигла
Замын тоос нь цэцэгний үнэртэй
Замилангийн заяагаа би
Чамаар л чимдэг
Залуу нас минь чи бүү гунигла

Thursday, 1 May 2008

Энэ миний шөнө байг

Сарны тэмдэгтэй зүрх минь
Санаа алдаж байна
Сарны хишигтэй зурагдсан заяа
Алганы хээнд гэрэлтэж байна
Энэ миний шөнө байг
Энэ миний сар байг

Тэр зүгээс шүлэг урсаг
Тэр миний цагаан тал байг

Тэр зүгээс бороо шиврэг
Тэр миний хайр шингээсэн нулимс байг

Тэр зүгээс салхи сэрвэгнэг
Тэр гэгээнээс үүсэж ургасан зүүд минь байг

Энэ оршихуйгаа энэ шөнө дэлгий
Үүл халхлавч
Гэрэлтэж байг
Сарны гэрэлтэй бодлууд минь
Хайрлах ухаарахын туяа татуулан
Чиний зүрхэнд гийж байг

Тиймээ энэ шөнө
Тэр чигээрээ би байгээ

Юу ч үгүй тэнд санаа минь оршдог

Саргүй наргүй салхигүй хургүй
Үгүй
Юу ч үгүй тэнд санаа минь оршдог
Үүл байхгүй сүүдэр байхгүй
Жаргал зовлон байхгүй
Жам ес үхэл хагацал байхгүй
Зоргоороо хоосон байхгүйд би оршдогоо

Магадгүй айдаг болоод тэднийг
Хардаггүй ч юм уу

Маргаашийг өчигдрийг ч мэддэггүй байх

Өөрчлөлт өгөршил өвдөлт шаналал
Баярлах гуних гэдэг бас л тэнд байхгүй ээ
Тэр газарт би байхгүй мэт оршдог оо
Орон зай цаг хугацаа даажсан
Огоорч мартах гомдох уучлах байхгүй
Омголон ааш олиггүй мэхлэлт байхгүй
Сайн нь муу үгүйгээр харагддаггүй
Саар нь сайхангүйгээр оршдоггүй
Сав шимийн бус оргүй хоосонд
Орших оршихгүйн орчилд багтаж уусдагаа


_________________________2006 он

Tuesday, 22 April 2008

Намрын амттай

Дурсамжаар даруулж хүртсэн дарс
Намрын амттай
Нулимсаар хээлж бичсэн мөр
Хожуугийн дүрстэй
Надад дурласан залуугийн харц
Борооны жихүүдэстэй
Найдаж бэлэглэсэн тэр цэцэгс нь
Хуучин хайраас үлдсэн хагацлын үнэртэй
Нартад дулаахан нь мартагдашгүй дурсамжууд гэлтэй …

Monday, 31 March 2008

Ахмадхан нэгнийг би бодож явлаа

Ахмадхан нэгнийг би бодож явлаа
Ахиад харахыг хүсч явлаа
Инээсэн дүрийг нь зураглаж явлаа
Энхэндээ л гэхэд хайрлаж явлаа
Харуулаад нуучихсан хорвоог ялтай
Хараад мартаагүй зүрхээ яалтай
Ярихаараа улайдаг хацраа яалтай
Ядахдаа та гэж дуудчихсанаа ч яалтай


(өө бас л нэлээд дээр бичсэн )

Би чамтай зүүдэндээ л учирна

Би чамтай зүүдэндээ л учирна
Баяр цэнгэлийг тэр л үед амсаж
Хүсээд олдохгүй заяаг
Хүчээр авч болдоггүй
Хүний орчлонгийн жамыг
Миний ертөнц зөрчихгүй
Болдогсон бол би насаараа унтмаар
Бодол сэтгэлээ үргэлж цэнгүүлмээр
Дуугүй ширтэх чамтай харц мөргөлдүүлмээр
Дураараа тоглож хүслээрээ жаргаж
Ерөөсөө л би зүүдэндээ амьдармаараа


(дөрөв ч юм уу таван жилийн өмнө юм уу бичсэн ............ )

Saturday, 29 March 2008

Яг л тийм урууланд

Яв ягаахан дэлбээнээ
Шүүдэрлэх шиг
Яг л тийм урууланд
Нулимс тогтоод
Хэзээ ч гэх хатуу үгийг
Ааруул мэт хэмлэхэд
Хэтэрсэн тэвчээрийн салхин
Шоолсоор гандуу өвсний
Шар үнэрээ өвөл рүү эсвэл буцаад зун руу авч одно
Өвөл болох ...
Зун болох ...

Sunday, 23 March 2008

Үг үгийнхээ чанадад

Үг үгийнхээ чанадад
Үнэн байх гэж хүснэ
Үйлийн үйлийн салхинд
Мод шиг байх гэж хүснэ
Хайрласан зэмлэсэн харцанд чинь
Аргамжаатай байх гэж хүснэ
Хагацал гашууныг мэддэг ч
Хамаагүй ээ ...
Учрал амтлахыг хүснэ

Wednesday, 19 March 2008

Хэн нэгний зүрхэн гүнд

Тэнгэртээ исгэрэлдэн нисэх
Цэнхэр өдөт жижигхэн шувууд
Чилсэн мөрөөдлөө үдшийн зөөлөнд
Бүүвэйлэн шулгана
Хүсэвч харахаас өөр нь үл гүйцэх
Хүслэнт утгатай мөрүүдийг
Хэн нэгний зүрхэн гүнд
Одоохон булшлаад цэцэг түшүүлж
Мартмаараа

Намрын уйгаар сэрчигнэж

Намрын уйгаар сэрчигнэж
Буйгаараа навч болон гандахад
Нартын амьдралын тоосон дундах
Төөрсөн тусгалаа мартдаг
Чин үнэний зүг гунигаар саравчилж зогсоход
Чилсэн зүрхний гүнд минь
Цагаан цэцэгс хийсдэг ээ...

Яриад байх шиг ...

Зол жаргалын тухай дуулах хэрэггүй
Шүлэгтэй шүлэггүй хэнд ч сайхан
Зовлон гунигийн шүлгээр хагаслахгүй бол
Зүдэрсэн зүрхэн зүүдгүй үхнэ
_______Хэн нэгний санаашрал
_______Хэнхдэг дунд базлах нь
_______Хэлж чадамгүй их зовлон
Ярчхаж болохгүй цээжээ
Гаднаас тэмтэрч үзэхүй
Ямар нэг шаналант оюун
Яриад байх шиг ...

Жирийн эгэлхэн хоногуудийн жимсийг түүсээр явнаа

Энэхэн хавьдаа эрээлж бичээд
Дэвтэр дээрээ дэвэрч амьдраад
Ганцхан чиний зүг гал болон шатаад
Ганц хоёр нулимсаар түймрээн унтраагаад
Өдөр хоногийг өнгөрөөж л явна даа
Тархин доторхи минь тэсгэлгүй буцлаад
Тавласан мөрөөдлүүд минь талаар нэг хөглөрөөд
Хүсэл ургаж хөлд ороолдовч
Жигүүрээ дэлгэн жиргэж нисээд
Жирийн эгэлхэн хоногуудийн жимсийг түүсээр явнаа

Даашинзны минь өнгө

Урт удаан мэт
Богинохон амьдарна
Өөртөө таалагдсан
Даашинз урлах гэж
Салхин торгыг
Санааны утсаар
Оройжин мэтгэлээ
Урласан гоёлоо
Өмсөөд
Өөрийг чинь өмнүүр
Ихэмсэг алхахад
Чи түүнийг минь олж харахгүй
Уруулаас минь зөгий шиг
Янаглалын бал хайна
Өмсгөлийг минь юу ч үгүй ураад
Нүглийг адаар биетэй учирна
Хэзээ чи
Даашинзний минь өнгө
Цэв цэнхэр болохыг
Хээлсэн утас нь хайр болохыг
Орчлонд би хүн биш
Гэрэлт гуниг болохыг
Ойлгох бол гэж бодоод
Олохгүй л суунаа
Олохгүй ч болов уу даа
Салхи саваагүй болохоор
Би санахаас чинь өмнө
Цэцгэн дэлбээнд шүүдэр болоод
Наранд арилна, цагаа ирэхэд

Ганцаардлын жимээр

Нарны тойрогт өөрөөрөө эргэх дэлхий

Нэр хийгээд биеэнд оноогдсон

Би амьд зүүд

Удаан, гунигтай, бороо шиг энэ амьдралд

Цувгүй жиндэж навчсын дунд алхахдаа

Уйтгарлах л ер бусын хуучин бэлэг болохыг

Өөр дотроосоо олж бороо дунд угаана

Цувааны сүүлч шиг намар оройн бороо

Сэтгэлд буцах шувууд норно

Навчсын судлаас гэрэлтэх нойтон шүлэгсийг

Олж унших гэж

Тэгээд мөнх бусыг, хоосныг

Навчин дороос олох л гэж явахдаа

Амьсгалаа хартлаа даарна

Тэгэвч тэр бороо хэн нэгнийг ялгахгүй

Би бороог мэдэрнэ

Хатуу үнэн хийгээд, бас л хоосныг

Би өөрөөсөө олчихвол

Бороонд жиндэхээ мэдрэхээ болино

Ай уйлах минь халуун сүү шиг

Би дэврээд, ширгээд гагцхүү

Илч гэрлээ исэх өвс шиг

Гандах өвс шиг

Намар оройн бороо шиг

Би өөр шигээ

Би намар шиг

Ганцаардлын жимээр

Хоосныг намар оройн борооноос, борооноор сурагчланам ...

Шүлэгчийн гашуун энлэн

Шүлэгчийн гашуун энэлэн
Шүүдэрлэж сормууснаа тогтдог
Танихийн хирээр сэтгэл нь эрчлэгдэж
Гэгээрлийн халуун зуланд
Гол болон шатаж амирладгаа

Чи ...

Сар хүрээлсэн жихүүн үдэш
Салхинд хийсэх туг үс шиг
Санах мартахын бүдэгхэн сэвхэнд
Сарны царайд инээд минь харагдана
Чи олоорой

Бүүр холын зүүдэнд чинь очиж
Бүлээхэн уруулыг чинь өндгөөрөө тэмтэрч
Алганд чинь чийхарах нойтон хөлс мэт
Ахиад л би чамд зовлон удахаар очно
Чи хүлээгээрэй

Өвсний усанд хормой хөлчиж

Өвсний усанд хормой хөлчиж
Үүрээс тасарсан бүдэгхэн гэгээтэй
Бүрэнхий үдшээр
Сормуусан завсраа нар хадгалсан нулимстай
Чиний нөмөрт очсон минь
Баларийн дуу мэт аяархан санагдана
Сартай ч сүүдэргүй үдэш байсан
Мартсан ч гэсэн санагдахаар байсан
Аялсан намуухан дууны чинь
Айзмаар хайр давалж
Элсэн эргээ элбэсэн
Тэнгис шиг би давалгааланхан байсаан