Ирэх өдөр бүрийн
Амт нь улам гашлаад
Эгэлхэн бор амьдрал
Нүдний өмнө сульдаад
Үүрэглэх тэргэл шөнөдөө
Өнгө минь улам тодроод
Өрөөн дотор дүүрэн
Үнэрт аялгуу амтагдаад
Амьсгал бүртээ би
Булингараа тунаруулж цэлмэгшээд
Шөнө бидэн хоёр
Хурьцан уусаж янаглаад
Ганцаардсан сэтгэлийн хөвчрөл
Дур тайлж нялхамсаад
Орхин одох амраг шөнө бүрийг
Онгон шүлгүүдээр ундалж үднэ
Ахиад хэзээч уулзахгүй
Өнгөт шөнүүдээ үдэн ядаж
Үүрийн гэгээг нулимстай тэвэрч үлднэ би
Sunday, 23 March 2008
Өнгө минь улам тодроод
Wednesday, 19 March 2008
Сонгодог гуниг
Сонгодог гунигаа
Цэвэрхэн нөмрөөд
Даруухан бүсгүй шиг
Тэрүүхэн буланд
Тухгүйлэн дааравч
Чичирч зүрхлэлгүй
Ханхүүгийн өдөн нөмрийг
Үнэнчээр хүлээх гэж
Өөрийгөө алдчихсандаа
Гэмшил гэж боддоггүйгээ
Нуулгүй
Хумсаа мэрж
Сонгодог цагийн доор
Тойрох зүү шиг цэмцгэр
Нарийхан амьсгалуудаар
Чавхдас татаад
Ятган хөгөөр дуурсана ...
Шөнийн эрвээхи дэнлүүний гадна
Зуны шөнө өвсний үнэртэй
Дулаахан салхи унт гэж
Үлгэр шиг эвшээгээд
Шөнөжин зүүд ноолж хонох атлаа
Наранд бүдгэрэн од мэт үзэгдэхгүйд
Хананд тусаад явж одох цацраг гэрлийг
Харцны аргамж таслан хөөхөд
Хар шумуул бичил онгоц мэт чихнээ шунгинаад
Амьдрал мэт үргэлжлэл хөлийн шагайд загатнаад
Хүрч тайтгаруулахыг залхуугаар хучаад
Үүрийн эхэнд шөнийн төгсгөл
Баярлан гүйж нарны цаадтаа одоод
Үдшийн бүрийн үүрэглэн ирэхийг
Нар мандахаас хүлээн эхлээд
Ганцаардахад
Хонхны солгой хоолой
Бухимдал үүсгэх шалтгаан болон гонгиноод
Хэн нэгний үсгүй нүүр миний өмнөөс
Замын гэрэл шиг анивчаад
Ярихыг нь тэнгэрийн дуунд нуумаар санагдаад
Би халуун цогцоснийхоо сүүдэрт нь нуугдаж явахыг нь хүлээгээд
Цагаан инээмсэглэлд гунигаа хулдаад
Ногоон гэрэл мэт өдрүүд
Саадгүй ирж сануулга шиг шарлан буцаад
Огт ялгаатай хоёр шүлэг
Төгсгөлөөрөө давхцаж учраад
Бал дуусахад дэвхцэж хуруугаа хазахад
Хуучны танилын ярьсан ховыг
Хоолтойгоо хольж санахад
Идэх хоолондоо хахаад
Агаарыг дэндүү тансагхан болохыг
Чиний үнэртэй харьцуулмааргүй санагдаад
Тэгэхэд миний нүдэнд цийлгэнэж одод түгээд
Долоон бурханаар нулимснаас хутгаж
Алтан гадас цай чанаж
Маралын гурван гялаанийг цайлахад
Санаа алдах шиг
Сар гэнэт мэлтгэнэн дэврэхэд
Шөнийн эрвээхий дэнлүүний гадна
Хэрхвэл шатаж үхэхээ
Санаашран бодож норсон сонин шиг навсайхад
Хуруу чилтэл балыг чанга бариад
Итгэлтэйгээр би ирээдүйг зурна