Wednesday 19 March 2008

Бодлын олон хөврөөн дундаас

Бодлын олон хөврөөн дундаас
Болор эрхи хэлхэх мэт
Тунгалаг гэрэлтэй ширхгүүдийг түүж
Сэтгэлийн нимгэн чавхдаст хэлхээд
Хүмүүн танаар маань уншуулмаар байна

********************

Үе үехэн салхилаад ирэхлээр
Үүлс хураад бороошоод эхлэхээр
Гэнэнний нөмрөг насанд багадаад
Нүцгэн болох нь дээ одоо яанаа
Амьдралын модыг эртхэн бараадаж
Алга дарам навч олдог юм билүү дээ

********************

Сүү шиг сэтгэлээн дэврээж
Өрөм шиг хайраан загсаасан ч
Хусам шиг хардалт доор нь үлдээд
Хуурчих арга олдохгүй юмаа би өөрийгөө

********************

Хаашаа ч хамаагүй гүйчихмээр
Амьсгаадаад тамир тасраад унамаар
Тэгээд газар үнэрлэхэд урин үнэртмээр
Ямар тансаг хүсэл вэ
Тэр хаанаас ирнэ вэ

********************

Үе үехэн уйлахад
Үйзэн нулимс мэлтэрэхэд
Алганд чинь шингээж арччихаад
Инээмээр болдгийг мэдэх үү ?

No comments: